You Are Reading

0

kiber tagnuulchid delhiig donsolgoj bna

camper 2011/01/31
                                  Өдрөөс өдөрт даяарчлагдаж буй өнөө үед хүйтэн дайны улбаа болон мэдээллийн дайн өрнөж эхлээд байна. Ялгаатай нь бууны гох биш маусны товч дарж байна. Улс орнууд хоёр системд хуваагдан бие биенийхээ эсрэг зэвсэг барин тэмцдэг байсан үе өнгөрч, ашиг сонирхол нь зөрчилдсөн улс орнууд бие биенийхээ эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараах, мэдээлэл түгээгч радио телевиз, сервер компьютер руу нь халдаж ажилгүй болгох, чухал мэдээллийг хулгайлах зэрэг үйл ажиллагаа явуулах боллоо.

Энэхүү мэдээллийн дайн эхлээд олон жил болж байгаа бөгөөд кибер орон зайд өрнөж буй хэсгийг кибер дайн гэж нэрлэдэг болжээ. Бидэнд мэдэгдэж байгаагаар кибер дайнд АНУ, Хятад зэрэг улсууд тэргүүлж бусад улсууд ч хошуучлан орж байна.

Тухайлбал Швейцарийн шифрийн төхөөрөмж үйлдвэрлэдэг Крипто АГ /Crypto AG/ -ийн тохиолдол юм. 1952 оноос хойш үйл ажиллагаа явуулж, дэлхийн таван улсад салбараа нээсэн энэ компани дэлхийн олон оронд мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник, технологи нийлүүлдэг. Олон орны фирм, банк, бүр цаашлаад цэргийхэн болон засгийн газрууд энэ компаниас бүтээгдэхүүн авдаг байжээ. 1996 онд тус фирмийн бүтээгдэхүүнд АНУ болон Германы тусгай алба "back door" буюу арын хаалга суулгаж олон жилийн турш 120 гаруй улсын засгийн газар, элчин сайдуудын яриаг уншиж байсан нь илэрчээ.

2000 онд АНУ өөрийн холбооны тагнуулын Эшелон сүлжээг ашиглан европын онгоц үйлдвэрлэгч Айрбус компани Саудын Арабд онгоц нийлүүлэхдээ хахууль өгснийг мэджээ. Энэ мэдэгдлээс болж дээрх миллиардаар яригдаж байсан гэрээ цуцлагдсан байна. Анх энэ сүлжээ хуучнаар ЗХУ болон түүний холбоотны цэргийн болон дипломатын холбоог чагнах зорилгоор байгуулагджээ. Өнөөдөр энэ сүлжээ нь алан хядагчдын сүлжээ, хар тамхины худалдааг илрүүлэх болон улс төр, дипломатын тагнуулын зорилгоор ашиглаж байна. Хүйтэн дайнаас хойш мөн үйлдвэрлэлийн тагнуулд ашиглаж байгаа ажээ. Энэхүү сүлжээ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албанд (NSA) харъяалагддаг бөгөөд 28 000 ажилтантай билээ. Энэхүү сүлжээ нь олон оронд байрлах чагнах станц болон өөрийн хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын, богино долгионы болон хөдөлгөөнт холбооны бүх сувгийг чагнаж тэдгээрээс тодорхой үг, хэллэг, яриа, дуу хоолой, хаягийг Шүүн авч судалгаа хийдэг байна.

Хамгийн сүүлийн жишээ бол Хятадын тагнуулын кибер сүлжээг илрүүлсэн Канадын судалгааны Мунк (http://webapp.mcis. uto-ronto.ca/) төвийн мэдэгдэл юм. GhostNet нэртэй энэхүү сүлжээг Энэтхэг дахь Далай ламын түр Засгийн газрын компьютерийн системийг шалгах явцад илэрсэн ба одоогоор 103 орны 1295 компьютерээс мэдээлэл татсан нь тодорхой болжээ. Ихэвчлэн Азийн улсуудын гадаад явдлын яам, элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн төв рүү халджээ. Олон орны эрх баригчид өөрийн орны мэдээллийн аюулгүй байдлаа өндөржүүлэхээ мэдэгдээд байна. Мунк төвийн судлаач Рон Дейбэрт энэ халдлагыг "Олон улсын гэмт хэрэг" гэж үзэж байгаа ба цаашид кибер ертөнцийн халдлагыг хянах замыг эрэлхийлэхийг уриалжээ.

Хятад улс нь хамгийн их буюу 300 сая интернэт хэрэглэгчдээ сервэр дээрх шүүлтүүр программын тусламжтайгаар байнга хянаж байдаг билээ. Мэдээллийн технологийн салбар цаашлаад кибер дайнд Хятад улс бусад улсын адил бэлтгэж, хөрөнгө хаяж байгаа ба энэ салбарыг үндэстний аюулгүй байдлын түвшинд авч үзэж байна.

Зарим тохиолдолд кибер дайн ердийн дайнтай зэрэг явагдаж байгаа нь 2008 оны наймдугаар сарын Орос Гүржийн дайн болон Израйлийн 2009 оны нэгдүгээр сарын Газын зурваст хийсэн цэргийн ажиллагааны үед болсон үйл явдлууд юм. Тухайн үед сөргөлдөгч талууд бие биенийхээ засгийн газар болон банкны систем рүү дайралт хийсэн ба зарим тохиолдолд эдгээрийг олон хоногоор зогсоож байжээ.

Энэ үйлдүүдийн цаана нэг болон хэсэг бүлэг хүмүүс байж болох ч халдах бай, зорилго зэргээс харахад Засгийн газар болон тусгай албад байхыг үгүйсгэх аргагүй юм.

Дээрх тохиолдлууд нь энэ дайны нэгээхэн хэсэг тулаан бөгөөд цаашид ч далдаар үргэлжилсээр байх бизээ. Манай орны иргэд, компани болон байгууллагууд энэ талаар анхаарч өөрийн холбогдох мэдээллийг тодорхой түвшинд хамгаалах хэрэгтэйг ойлгох ёстой.

Б.Галаарид. Зууны Мэдээ

0 Сэтгэгдэл байна:

Post a Comment

 
Copyright 2010 Camper